Түгээмэл асуулт, хариулт

Кофе шоп дээрээ капсул кофе зардаг уу?

Тийм, манайх дан ганц кофе шопын үйл ажиллагаа биш бөгөөд давхар капсул кофе машин, Dolce Gusto болон Starbucks capsule кофенуудыг зах зээлийн үнээр, НӨАТ-тайгаар зарж байгаа.

Капсул кофегоо хаанаас оруулж ирдэг вэ?

Бүгд Найрамдах Солонгос Улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг.

Капсул кофе болон кофе машин онлайн захиалга байгаа юу?

Байгаа, shop.psgroup.mn хаягаар ороод захиалгаа өгөөд хүргүүлээд авч болно.

Франчайз сонирхсон хүмүүс хаанаас мэдээлэл авах вэ?

Манай вэбсайтны франчайз сонирхох хэсгээс юмуу эсвэл sales@psgroup.mn хаягаар хүсэлтээ явуулаад уулзалт товлож болно.

Би салбараа хувь хүн, эсвэл компанид шилжүүлэх, эсвэл өөр хүний ажиллуулж буй салбарыг өөр дээрээ авч ажиллуулж болох уу?

Салбарыг шилжүүлэх, эсхүл франчайз эрхийг өөр этгээдэд шилжүүлэх нь зөвхөн Төв оффистой урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр хийгдэх боломжтой. Бид голдуу эрх шилжүүлэхийг зөвшөөрөхгүй боловч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрх шилжүүлэхийг Төв оффис толгой компанитай зөвшилцсөний үндсэн дээр зөвшөөрөх боломжтой.
Ийм тохиолдолд эрх хүлээн авагч нь франчайзын сарын төлбөр болон гэрээний үүрэг биелэлтийг хангаж буйгаа Төв оффист бүрэн нотлох шаардлагатай.
Төв оффистой зөвшилцөлгүйгээр эрх шилжүүлэх нь франчайзын гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.

Роялти гэж юу вэ, түүний хэмжээ хэд байдаг вэ?

Роялти буюу франчайзын сарын төлбөр нь Кафе капсулын салбарууд компанийн нэр, барааны тэмдэг ашиглах, мөн менежментийн зөвлөгөө, дэмжлэг авах эрхийнхээ төлөө Төв оффист төлдөг тогтмол төлбөр юм.
Кафе капсул брендийн роялти нь сар бүр 250,000 төгрөг (НӨАТ-гүй) бөгөөд салбарын хэмжээнд хамгийн бага түвшинд тооцогддог.
Энэхүү төлбөрийг Төв оффис болон франчайзын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн зардалд дахин хөрөнгө оруулалт хэлбэрээр бүрэн зарцуулдаг.

Франчайзын төлбөр буцаан олгогддог уу?

Франчайзын төлбөр гэдэг нь франчайз олгогч байгууллагаас франчайз авагчид олгож буй брэнд ашиглах, бизнесийн загвар хэрэглэх, менежментийн дэмжлэг авах зэрэг эрхийн хариуд нэг удаа төлдөг төлбөрийг хэлнэ.
Бүх төрлийн франчайзын бизнесүүд франчайзын төлбөрийг гэрээний хугацаа дууссаны дараа буцаан олгодоггүй, нэг удаагийн эргэн төлөхгүй төлбөр гэж тодорхойлдог.

Салбарыг нээсний дараах хяналт, дэмжлэг хэрхэн явагддаг вэ?

Төв оффисын зүгээс бид хэрэглэгчийн санал, амтны таашаалд нийцүүлэн шинэ бүтээгдэхүүн тогтмол хөгжүүлэх, сурталчилгааны материал, маркетингийн кампанит ажил зохион байгуулах, мөн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хариуцсан менежерээр дамжуулан менежментийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа багтана.
Мөн Төв оффис нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, орлого болон ашигт ажиллагааг сайжруулах шийдлийг тогтмол санал болгох замаар салбаруудад байнгын хяналт, дэмжлэг үзүүлдэг.

Франчайзын эрх олгох гэрээ байгуулснаас хойш салбараа нээх хүртэл хэр хугацаа шаардагддаг вэ?

Салбарын байршил, онцлогоос шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх боломжтой ч франчайзын эрх олгох гэрээ байгуулснаас хойш салбарыг нээх хүртэл дунджаар 45-60 орчим хоног шаардлагатай байдаг.
Энэ хугацаанд дотоод заслын ажил, Төв оффисоос орох сургалт, холбогдох хууль, эрх зүйн зөвшөөрөл, бичиг баримттай холбоотой бүхий л үйл ажиллагаа хамт зэрэгцэн явагдана.

Борлуулалтын орлого болон ашигт ажиллагааны түвшин хэд байдаг вэ?

Борлуулалтын орлого болон ашигт ажиллагааны түвшин нь хөрөнгө оруулалтын хэмжээ, салбарын байршил, хүн ам зүйн нягтаршил, зах зээлийн нөхцөл байдал, тогтмол ажиллагаа зэгэр олон төрлийн нөхцлөөс шалтгаалан өөр өөр байна.

Франчайзын салбар нээхэд шаардагдах талбайн хэмжээ (м²) хэд байх ёстой вэ?

Салбарын талбайн хэмжээ нь тухайн байршлын зах зээлийн хэмжээ, онцлогоос шалтгаалан уян хатан өөрчлөгдөж болно.
Толгой компаниас онцгой зах зээлийн нөхцлөөс бусад, ердийн тохиолдолд салбарын дунджаар тохиромжтой талбай нь 30–99 м² орчим байна.

Салбарын байршлыг хэрхэн сонгодог вэ?

Хэрэв салбар нээх талбай, үл хөдлөх хөрөнгө таны өөрийн эзэмшлийн нэр дээр байгаа бол:
Төв оффисын Салбар хөгжүүлэлтийн баг тухайн байрлалын зах зээлийн нөхцлийг нарийвчлан судалж, боломжит борлуулалт, худалдааны тооцоог гаргана. Үүний үндсэн дээр бид талбайн эзэмшигчтэй зөвлөлдсөний эцэст албан ёсоор салбарын байршлыг сонгодог.

Хэрэв салбар нээх талбай таны өөрийн эзэмшлийн талбай биш бол:
Төв оффисын Салбар хөгжүүлэлтийн баг таны хүсэл сонирхол, боломжит хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан үзэж, боломжит байршлууд болон тэдгээрийн орчны зах зээлийн төрлийг нарийвчлан судалсны үндсэн дээр таны санал болгож буй байршлын талаар хариу мэдэгддэг.